“Фамили Оптик” хараазүйн төвийн Оптометрист эмч Т. Гэрэл: Хүүхдийн хараа муудахаас сэргийлэх, хараа хамгаалах хамгийн энгийн арга бол хүүхдийг гадаа гаргах юм.

“Хүүхдийн нүд хараа сэвийн хүрээнд Грандмед эмнэлгийн нүдний эмч Ч.Дүүриймаа, Фамили Оптик хараазүйн төвийн Оптометрист эмч Т.Гэрэл оролцож ярилцлаа.”

1.Бага насны хүүхдийн харааны хөгжлийн талаар мөн хараанд нөлөөлж буй хүчин зүйлүүд юу вэ?

Бага насны хүүхдийн харааны хөгжил бол 6-8 нас хүртэл бүрэн гүйцэд хөгжил явагддаг. Эхний 2 жилийн хугацаанд харааны хөгжлийн 70-80% нь явагддаг. Энэ үед хүүхэд бага зэргийн нэмэх шилний өөрчлөлттэй байж болдог. Аажим аажмаар 2 нас гэхэд хэвийн байдалдаа ордог. Бага насны хүүхдүүдийн харааны өөрчлөлт буюу холын харааны өөрчлөлттэй болох нь нийт тохиолдлын 90% нь бага насанд үүсдэг гэж үздэг. Тэгэхээр хараа муудах үндсэн 2 шалтгаан байна.

Эхний ээлжид удамшлын шалтгаан энэ нь эцэг эхийн аль нэг нь харааны өөрчлөлттэй байгаа тохиолдолд хүүхэд 50% нь харааны өөрчлөлттэй төрөх магадлалтай бол эцэг эх хоёул харааны өөрчлөлттэй бол хүүхэд 70% харааны өөрчлөлттэй болох магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү магадлалын хувь өсөж байна гэж ойлгож болно.

Хоёрдугаарт гадаад орчны шалтгаан. Энэ нь маш том цар хүрээтэй ойлголт. Сүүлийн үед бид бүхний дэлгэцийн хэрэглээнээс /Компьютер, гар утас/ шалтгаалж болно. Хоёрдугаарт хэт ойроос удаан хугацаанд дэлгэц ширтэх, орчны нөлөөлөл гээд олон зүйл гадаад орчны нөлөөлөлд багтаж байна.

2.Бага насны хүүхдийг хэдэн настайгаас эхлэн нүдний харааг шалгуулах нь зохистой байдаг вэ?

Хариулт Фамили Оптик хараазүйн төвийн Оптометрист эмч Т.Гэрэл

Хүүхдийн хамгийн анхны нүдний үзлэг бол төрөнгүүт нь хийгддэг. Төрөлхийн болрын цайлттай байна уу? Жишээ нь дутуу төрсөн хүүхдэд торлогын өөрчлөлт их байдаг учраас төрөнгүүт нүдний анхны үзлэгт хамрагдаад 1 нас болон 3 настайд мөн 4 наснаас эхлэн жил бүр үзлэгт хамрагдаад явах ёстой. Тэр тусмаа хугарлын гажиг байна уу? Хараа нь муу байна уу? Гэдгийг 3 нас хүрэхээс өмнө заавал үзүүлэх ёстой гэж ойлгож байна. Яагаад 3 нас  гэвэл хүүхдийн харааны хөгжил нь 2-3 нас гэхэд бүрэн буюу насанд хүрсэн хүний хэмжээнд явагдаад дуусдаг учраас энэхүү хөгжил явагдахаас өмнө ямарваа нэг хугарлын гажиг болон өөр эмгэг байна уу? Гэдгийг илрүүлэхгүй бол оройтох гээд байдаг.

Эцэг эхээс удамшсан хугарлын гажгийг эрт илрүүлэх хэрэгтэй. Учир нь 6-7 насанд илрүүлбэл бүдэг хардаг чигээрээ тогтчихдог. Үүнийг мохос хараа буюу залхуу нүд гэж нэрлэдэг. Хугарлын гажиг гэдэг өөрөө өвчин биш хүүхдийн нүдний хэлбэр хэвийн хэмжээнээс арай жижиг эсвэл том эсвэл зууван хэлбэртэй байдаг. Хүүхэд бүрийн хамрын хэлбэр өөр хэмжээтэй байдагтай адилхан бөгөөд тийм ч учраас нүдний өвчин гэдэг хэсэгт ордоггүй хугарлын гажиг гэж нэрлэдэг. Өвчин биш учраас нүдний шилээр засах боломжтой. Хугарлын гажгийг эрт илрүүлээд арга хэмжээ авахгүй бол насан туршдаа бүдэг хардаг болоод тогтох магадлал их өндөр.

Тэр байтугай сохорлын үндсэн шалтгаанд хугарлын гажиг ордог. Тиймээс хүүхдийн нүдний харааг шалгуулж, мөн хугарлын гажгийг нүдний шилээр засах боломжтой зүйлийг эцэг эхчүүд төдийлөн анзааралгүй өнгөрөөснөөр хүүхэд насан туршдаа сул хараатай болж үлдэх магадлал маш өндөр байдаг.

Ялангуяа хүүхдийн нэг талын нүднийх нь хараа муу, нэг нь сайн бол мэдэгдэхгүй яваад байдаг учир нь хүүхэд төрсөн цагаасаа эхлэн хараад явж буй учраас өөрийгөө муу харж буй байгаагаа мэдэхгүй тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт зайлшгүй хамрагдаж байх хэрэгтэй. Монголд бол ихэвчлэн хүүхдийг сургуульд орсон цагаас нь мэддэг. Хүүхэд самбар дээрх бичгийг харахгүй болохоор анзаарч, нүдний эмчид хандахад маш өндөр нэмэх шил зүүхээр эсвэл цилиндр тэй шил зүүхээр гараад ирдэг. Шил тааруулж зүүж эхэлсэн ч шилээр хугарлын гажиг засагдах боломж буурсан байдаг. Тиймээс эцэг эхчүүдийн зайлшгүй анхаарах зүйл бол хүүхдийг 3 нас хүрэхээс нь өмнө нүдний эмчид хандаж, харааг нь заавал шалгуулах хэрэгтэй.

3.Би өөрөө 5 настай хүүхэдтэй харааг шалгуулж байгаагүй хүүхдийн гаднаас ажиглаад харааг муудаж буйг мэдэх боломжтой юу?

Хамгийн эхний үзлэгийг хийх хүмүүс бол эцэг эхчүүд байдаг. Тухайн хүүхэд хэтэрхий ойроос аливаа зүйлийг харах, нүдээ онийлгож харах, телевизор хэт ойроос үзэх, хялар харах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд товлолт үзлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай.

“Хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн өрхийн эмнэлэгт вакцинаа хийлгээд хянуулдаг шиг жил бүр хүүхдийнхээ харааг зайлшгүй шалгуулж байх ёстой.”

            Хүүхдийн нүдний хараа хэвийн үед жил нэг удаа үзлэгт хамрагдаж байх ёстой бол шил зүүхээр гарсан бол цилиндртэй шил зүүдэг бол 4-6 сар дотор зайлшгүй үзлэгт хамрагдах ёстой.

Учир нь  тухайн хүүхдийн шилний хэмжээ өөрчлөгдсөн эсэх, шил зүүгээд хэр сайн харж буй харааны чадал нь хэр байгаа болон хялар харж байна уу? Хос хараа хэвийн байна уу? Зэрэг маш олон үзүүлэлтээс хамаараад  хүүхэд бүрийн үзлэгийн хугацаа харилцан адилгүй ялгаатай байдаг.

Давтан үзлэгээсээ хоцрохгүй заавал очих нь маш чухал. Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлаас үүдэн хүүхдийн давтан үзлэгийн хугацаа алдагдсан. Зайлшгүй давтан үзлэгийг хойшлуулж болохгүй тохиолдлууд байдаг.

Жишээлбэл өндөр цилиндртэй шил зүүдэг хүүхэд, өндөр нэмэх шил зүүдэг тохиолдлууд байна.

4.Сүүлийн 2 жилийн хугацаанд сургууль цэцэрлэг цахим систем рүү шилжлээ. Хүүхэд бүр онлайнаар суралцаж байна. Хүүхдийн дэлгэц ширтэх тохиромжтой хугацааны талаар мэдээлэл өгнө үү.

Дэлгэцийн хэрэглээний хувьд 20:20 дүрэм гэж байна. Тодорхой нэг төхөөрөмж буюу утас, таблет төхөөрөмжийг 20 минут харсан бол 20 feet зайд буй зүйлийг 20 сек харах юм. Өөрөөр хэлбэл 20 сек нүдээ амраахдаа нүдний дасгал хийж болно эсвэл холын зайд харж нүдээ амрааж болно.

Бид нар тодорхой нэг зайд нүдний булчинд ачаалал авч, холын зайг харж, нүдний булчингаа суллаж амраад байх хэрэгтэй.

Хүүхдийн хараа муудахад нөлөөлж буй шалтгаанд дэлгэцийн хэрэглээнээс гадна ойрын харааны хэрэглээ нөлөөлдөг. Хүүхэд хасах шил зүүхэд нөлөөлж буй үндсэн шалтгаан нь хэт их ойрын зайн ажил хийх юм. Ойрын зайн ажил гэдэгт зөвхөн компьютер гар утас орохгүй, хичээл хийхдээ буруу суух, хэт ойрхноос тонгойж бичих, унших, ном уншихдаа гэрэлтүүлэг муутай орчинд ойрхноос унших нь гар утаснаас ч  дутахгүй хараа муудахад нөлөөлдөг.

Хүүхдийн харааг хамгаалах хамгийн чухал арга бол хүүхдийг гадаа гаргах. Хамгийн энгийн мөртлөө өдөр тутамдаа бидний хийж чадах зүйл бол хүүхдээ өдөр тутамдаа 2 цаг агаарт байлгах юм. Тухайн хүүхэд гадаа юу хийж байгаа нь чухал биш харин гадаа байх нь чухал юм. Учир нь гадаа байгалийн гэрэлд байгаа байдал нь хүүхдийн хараа муудахаас сэргийлдэг.

Хүүхдийн харааг хамгаалах хамгийн гол хүмүүс бол эцэг эхчүүд билээ. Хүүхдийнхээ нүдний эрүүл мэндэд анхаарч дээрх зөвлөмжүүд дагаарай гэж зөвлөмөөр байна.

Бага насны хүүхдийн харааг шалгуулахад анхаарах зүйлс видеотой танилцана уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.