Д Аминдэмийн тухай

НЭМХ- ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,

АШУ- ны доктор У.ЦЭРЭНДОЛГОР

 Д аминдэмийн ач холбогдол

 

Д аминдэм нь бие махбод дахь кальцийн солилцоог зохицуулж, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд барих үйл ажиллагааг гүйцэтгэсэнээр ясны бүтэц, хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Түүнчлэн Д аминдэм нь ясны бүтцэд оролцдог фосфор, магнийн солилцоог ч давхар зохицуулж байдаг.

Д аминдэмийн нөлөөгөөр нарийн гэдэсний хананд кальци холбох уураг нийлэгшиж, хоол хүнсээр биед орсон кальцийг өөртөө холбон, нарийн гэдэсний ханаар шимэгдэж, цусанд орох нь сайжирдаг. Ийнхүү Д аминдэмийн нөлөөгөөр цусан дахь кальцийн хэмжээ нэмэгдэж, цусны урсгалаар дамжин ясанд зөөгдөн очих кальцийн хэмжээ нь нэмэгдсэнээр ясны эрдэсжилт сайжирч, ясны бүтэц, үйл ажиллагаа нь хэвийн хэмжээнд явагддаг. Мөн Д аминдэм нь бие махбодын дархлааг сайжруулж, эд эсийн хэвийн өсөлт хөгжилтийг хангаж, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулдаг бөгөөд хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс зэрэг эрхтэний хавдараас сэргийлэх нөлөөтэй нь судлагаагаар тогтоогдсон байна.

 

Д аминдэмийн дутал

Хүний биеийн Д аминдэмийн хэрэгцээг хангах эх үүсвэр нь Д аминдэмээр баялаг хүнс болон нарны гэрлийн хэт ягаан туяа юм.

Д аминдэмээр баялаг хүнс маш цөөн тул хүнсийг Д аминдэмээр баяжуулаагүй тохиолдолд хоол хүнсээр авах Д аминдэмийн хэмжээ нь дангаараа ямар ч насны хүний Д аминдэмийн хэрэгцээг хангах боломжгүй байдаг.

Хүний биеийн Д аминдэмийн дотоод эх үүсвэр нь арьсан бүрхүүл дотор байрлах Д аминдэмийн идэвхигүй хэлбэрийн нэгдэл болох Д аминдэмийн урьтал бодис бөгөөд энэ нь нарны гэрлийн хэт ягаан туяаны нөлөөгөөр идэвхитэй хэлбэрт хувирч, хүний биеийн Д аминдэмийн үндсэн эх үүсвэр болдог. Гэвч хүний биеийн арьсан бүрхүүл дотор байрлах Д аминдэмийн урьтал бодисыг идэвхитэй хэлбэрт хувиргах нарны гэрлийн хэт ягаан туяаны идэвхийн хэмжээ нь экваторын бүсийн 35 хэмээс дээш, доош байрлах газар зүйн бүсэд хангалтгүй байдаг тул экватораас алслагдмал байршилтай улс орны хүн ам нь Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Ийнхүү хоол хүнс болон нарны гэрлээс Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй тохиолдолд тухайн улс орны хүн ам нь Д аминдэмийн дуталд өртдөг.

Д аминдэмийн орчин үеийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан дэлхийн нэрт эрдэмтэн, шинжээчид нь 2010 оноос эхлэн цусан дахь Д аминдэмийн хэвийн норм хэмжээг илтгэх лабораторын шалгуур үзүүлэлийг 50%-иар өндөрсгөж, эрдэм шинжилгээ, практик үйл ажилдлагаанд мөрдлөг болгож эхэлсэн бөгөөд энэхүү шинэчилсэн шалгуур үзүүлэлтээр авч үзвэл дэлхийн насанд хүрсэн хүн амын 50% нь Д аминдэмийн дуталтай болохыг тогтоож, Европын ихэнх улс орнууд нь Д аминдэм дутлын асуудлыг нийгмийн эрүүл мэндийн бэрхшээлтэй асуудлуудын тэргүүлэх чиглэлд оруулсан байдаг. Тэгвэл Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах Д аминдэм дутлын асуудал нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байгаа юм. Тухайлбал 1999, 2000-2003, 2010 онуудад монгол улсад хийгдсэн хоол тэжээлийн томоохон судалгааны дүнг үндэслэн бага насны хүүхдийн дунд тогтоогдсон рахитын тархалт болон хүүхэд, эмэгтэйчүүдийн дундах Д аминдэм дутлын тархалт, Д аминдэмийн хангамж, хэрэглээний байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 5 хүртэлх насны хүүхдийн 32-55% нь рахитын сонгомол шинж тэмдэгтэй байсан бөгөөд 2000-2003 онд хийгдсэн “Монгол хүүхдийн рахитын шалтгаан, түүнд нөлөөлөх хүрээлэн буй орчны хүчин зүйлс“ сэдэвт рахитын судалгааны дүнгээр жирэмсэн эхчүүдийн 37.1% нь, амаржсан эхчүүдийн 30.5% нь, өсвөр насны хүүхдийн 28.6% нь, тав хүртэлх насны хүүхдийн 43% нь Д аминдэмийн дуталтай болох нь тогтоогдсон байна (У.Цэрэндолгор, 2005). Мөн 2004 онд хийгдсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал” үндэсний 3 – р судалгааны дүнгээр 5 хүртэлх насны хүүхдийн 41 хувьд нь, нөхөн үржихүйн (15-49) насны жирэмсэн бус эмэгтэйчүүдийн 38.3 хувьд нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ “нөөц багатай” тогтоогдсон бол 2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал“ үндэсний 4-р судалгааны дүнгээр тав хүртэлх насны хүүхдийн 21.8% нь Д аминдэмийн дуталтай, 20.6% нь Д аминдэмийн нөөц багатай, 15-49 насны жирэмсэн бус эмэгтэйчүүдийн 30.0% нь Д аминдэмийн дуталтай, 13.2% нь Д аминдэмийн нөөц багатай байгаа нь тогтоогдсон байна.

Д аминдэм дутлыг илтгэх лабораторын шинжилгээний шалгуур үзүүлэлтийг босго хэмжээг 2 дахин ихэсгэсэн шинэ шалгуур үзүүлэлтийг үндэслэн гадаадын зарим судлаачид Монгол улсын хүн амын дундах Д аминдэм дутлын тархалтыг 90% гэж тооцоолон хэвлэн нийтлэлт хийсэн байдаг.

 

Д аминдэмийн дуталд өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг

  • Д аминдэмийн нэмэгдэл хэрэглээгүй, дан хөхний сүүгээр хооллож байгаа нялх, бага насны хүүхэд
  • Сургуулийн өмнөх насны болон өсвөр насны хүүхэд
  • Жирэмсэн, хөхүүл эхчүүд
  • Ахимаг насны хүмүүс болон өндөр настанууд

 

Д аминдэм дутлын хор уршиг

  • Д аминдэм дутлын үед нарийн гэдэсний ханаар шимэгдэх кальцийн шимэгдэлт багасдаг тул цусан дахь ионжсон кальцийн түвшин буурдаг. Цусан дахь кальцийн байдлыг хянах үүрэгтэй, бамбай булчирхайд байрлах кальцийн хүлээн авлуур нь нэн даруй энэ байдлыг таньж, бамбайн дааврын ялгаралтыг ихэсгэдэг. Бамбай булчирхайн даавар нь шээсээр ялгарах кальцийн хэмжээг багасгаж, бөөрний тахир сувганцраар эргэн шимэгдэж, цусанд орох кальцийн хэмжээг ихэсгэдэг. Мөн ясны остеобласт эсэд байгаа бамбайн дааврын хүлээн авлуурын оролцоотойгоор ясны үндсэн бүтэц болох матриксийг уусгаж, эрдсийг нь чөлөөлсөнөөр, кальци нь цусанд эргэн шимэгдэж ордог. Энэ үзэгдлийг хоёрдогч гиперпаратиройдизм /hyperparathyroidism/ гэх бөгөөд энэ нь яс зөөлрөлт болон ясны сийрэгжилтэд хүргэх хүчин зүйл болдог. Бамбайн булчирхайн даавар нь шээсээр ялгарах фосфорын хэмжээг ихэсгэснээр цусан дахь фосфорын хэмжээ буурдаг.
  • Хоол хүнсээр авах кальцийн хэмжээ хангалтгүй байх нь ясны матриксийн эрдэсжилт багасаж, яс зөөлрөлтөд хүргэдэг1,6 Энэ эмгэгийг хүүхдэд рахит гэнэ.

 

Рахит өвчний хор уршиг 

  • Рахит өвчин нь хүүхдийн дархлааг сулруулдаг учир хүүхэд өвчлөмхий болдог.
  • Рахитын үед цээжний араг ясны хэлбэр өөрчлөгдөж, булчин суларсанаас уушигны амьсгалах талбай багасаж, хүчилтөрөгчийн дуталд орсоноор амьсгалын замын өвчнөөр ойр ойрхон өвчлөх, жижиг гуурсанцарын бөглөрөөт үрэвсэл болж, энэ нь уушигны хатгалгаа өвчнөөр хүндрэх, зүрх судас, амьсгалын дуталд орох, цусан дахь хүчил шүлтийн тэнцвэржилт алдагдах зэргээр хүүхдийн амь насанд аюултай шинжүүд илрэнэ.
  • Рахитаар өвчилсөн хүүхдийн өсөлт хөгжилт, оюун ухааны хөгжил нь саатаж, үе тэнгийнхнээсээ хоцорч, сургуульд суралцах үед нь сурлагын амжилтад нь муугаар нөлөөлнө.
  • Рахиттай хүүхэд өвчлөмхий байдгаас өрх гэрийнхээ эдийн засгийн байдлыг доройтуулахаас гадна хоёрдогчоор туссан өвчин ужиг явцтай байдгаас эмчилгээний зардлыг ихэсгэнэ.
  • Рахит нь хүүхдийн өвчлөл, эндэгдлийг ихэсгэнэ.
  • Рахит нь улс орны эдийн засагт муугаар нөлөөлнө.
  • Хүүхэд байх үед нь үүссэн рахитын үеийн ясны хэлбэр алдагдалтын хүнд хэлбэрүүд насан туршид нь рахитын үлдэц хэлбэрээр үлдэж, гоо сайханы хувьд эмгэг согогтой болгодог учир биеийн галбир, гадаад үзэмж шаардагддаг ажлын байруудад ажиллах боломжгүй болгодог хэмээн тодорхойлсон байдаг.
  • Рахиттай, Д аминдэмийн дуталтай бага насны охид, өсвөр насны охид нөхөн үржихүйн насанд хүрэх үедээ Д аминдэмийн дуталтай болон Д аминдэмийн нөөц багатай хүүхэд төрүүлж, нялхас, бага насны хүүхдийн дундах рахитын тархалтыг ихэсгэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг.
  • Цусанд кальци багассаны улмаас хүүхэд гэнэт татах, залгиур, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн булчин агшиж, ларингоспазм үүсэх, зүрхний булчин агших зэргээс шалтгаалан хүүхэд гэнэт нас барах тохиолдол байдаг.
  • Цусан дахь кальцийн түвшин хэвийн байсан ч гэсэн хүүхдийн булчин суларч, хөдөлгөөний сааталтай болдог.
  • Рахитын үед цусны эсийн үүсэл, хөгжилд өөрчлөлт орж, архаг цус багадалт үүсэх бөгөөд захын цусанд цагаан эсийн тоо олширч, лейкемийн эсүүд болон миелобластоз эсүүд бий болж, элэг, дэлүү томордог.

 

Насанд хүрсэн хүний Д аминдэм дутлын хор уршиг  

  • Залуу хүмүүст яс зөөлрөлт үүснэ.
  • Ясны сийрэгжилтэд эрт өртөх эрсдэл бий болно.
  • Ясны сийрэгжилтэд өртсөн хүмүүсд яс хугарах эрсдэл ихэсдэг.

 

Д аминдэмийн дутал нь бие махбодын бусад эрхтэн системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь

  • Хөхний хавдар, түрүү булчирхайн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, өндгөвчний хавдраар Д аминдэмийн дуталтай хүмүүс илүү их өвчлөх эрсдэлтэй болох нь судалгаагаар тогтоосоор байна.
  • Зүрх судасны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, дархлаа дутлын эмгэг, халдварт өвчин, уушигны багтраа зэрэг архаг эмгэгт ясны сийрэгжилт болон Д аминдэмийн дуталтай хүмүүс илүү их өртдөг болох нь судалгаагаар тогтоогдсоор байна.

 

Д аминдэмийн нэмэгдлийг хэрэглэх хэрэгцээ, шаардлага

Д аминдэмийн дутал болон Рахит, яс зөөлрөх эмгэг, ясны сийрэгжилтийн үед Д аминдэмийг эмчилгээний тунгаар, эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.

Харин Д аминдэмин дуталгүй, рахит, яс зөөлрөх эмгэг, ясны сийрэгжилтийн шинж тэмдэг үүсээгүй байсан ч гэсэн хоол хүнс болон нарны гэрлээс Д аминдэмийн хэрэгцээгээ хангах боломжгүй, Д аминдэмийн нэмэгдпэл болон Д аминдэмээр баяжуулсан хүнс хэрэглээгүй тохиолдолд Д аминдэмийн дуталд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэг нь Д аминдэмийн нэмэгдлийг дараах хүснэгтэд эмхэтгэсэн хоол тэжээлийн бодисын норм хэмжээгээр ялангуяа хүйтэн сэрүүний улиралд өдөр бүр хэрэглэх шаардлагатай юм.

 

Д аминдэмийн хоногийн хэрэгцээ насны бүлгээр

/Хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний нормоор/

 

Хүн амын бүлэг Насны бүлэг Хүйс Д амин

дэмийн хоногийн

хэрэгцээ  (µg)

Д амин

дэмийн хоногийн

хэрэгцээ  (ОУН)

Нялхас, бага насны хүүхэд 0-12 сар Эрэгтэй, эмэгтэй 10 400
1-4 нас Эрэгтэй, эмэгтэй 15 600
Сургуулийн өмнөх ба сургуулийн насны хүүхэд 6-9 нас Эрэгтэй, эмэгтэй 15 600
10-18 нас Эрэгтэй, эмэгтэй 10 400
Насанд хүрэгсэд 19-71 нас Эрэгтэй, эмэгтэй 10 400

 

Д аминдэмийн илүүдэл тунгаас хамгаалахйын тулд Д аминдэм ууж байх үедээ цусан дахь Д аминдэмийнхээ хэмжээг тодорхойлуулж, эмчийн зөвөлгөө авч байвал зохино.

 

Д аминдэмийн бэлдмэлийн хэлбэр

Рахит болон ясны бодисын солилцооны эмгэг, Д аминдэмийн дуталтай холбоотой бусад өвчин эмгэгийн эмчилгээ сэргийлэлтэд Д2 (эргокальциферол), Д3 (холекальциферол) аминдэмүүдийг өргөн хэрэглэдэг. Сүүлийн үед хийгдсэн зарим судалгааны дүнгээр Д3 аминдэм нь цусан дахь 25- гидрокси Д аминдэмийн түвшинг ихэсгэх талаараа Д2 аминдэмтэй харьцуулахад 87%- иар илүү байгаа нь тогтоогдсон байна. Мөн Д3 аминдэм нь биед нөөцлөгдөх талаараа Д2 аминдэмтэй харьцуулахад 2 – 3 дахин илүү байдаг аж.

 

Рахит, Д аминдэмийн дутлаас сэргийлэх Д3 аминдэмийн бэлдмэлийн тун

Өрхийн эмнэлгээс үнэ төлбөргүй олгодог 50 000 олон улсын нэгжтэй Д аминдэм уугаагүй, рахитын шинж тэмдэг илрээгүй бага насны хүүхдийг Д аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд Д3 аминдэмийг 600 – 1000 олон улсын нэгжээр өдөрт 1 удаа 1 сарын турш эмчийн хяналтан дор уулгана. Цусанд Д аминдэм тодорхойлуулах шинжилгээ хийлгүүлж, эмчийн зөвлөгөөний дагуу цаашид үргэлжлүүлэн уух эсэхийг шийдүүлнэ. Д3 аминдэмийн урьдчилан сэргийлэх хоногийн тунгийн дээд хязгаар нь 6 сар хүртэлх хүүхдэд 1000 олон улсын нэгж, 7-12 сартай хүүхдэд 1500 олон улсын нэгж, 1-3 настай хүүхдэд 2000 олон улсын нэгж тун байдаг тул дээрх дээрх насны хүүхдэд урьдчилан сэргийлэлтийн тунг хэтрүүлэхгүй байвал зохино.

 

Рахитын үеийн Д3 аминдэмийн эмчилгээний тун

Өрхийн эмнэлгээс үнэ төлбөргүй олгодог 50 000 олон улсын нэгжтэй Д аминдэм уугаагүй, рахитын шинж тэмдэг илэрсэн бага насны хүүхдэд Д3 аминдэмийг 2000 – олон улсын нэгж тунгаар өдөрт 2 удаа  1 сарын турш эмчийн хяналтан дор уулгана. Цусанд Д аминдэм тодорхойлуулах шинжилгээ хийлгүүлж, эмчийн зөвлөгөөний дагуу цаашид үргэлжлүүлэн уух эсэхийг шийдүүлнэ. Д3 аминдэмийн эмчилгээний хоногийн тунг 6000 олон улсын нэгжээс хэтрүүлэхгүй байвал зохино.

 

 

 

 

 

Ном зүй

  1. Institute of Medicine, Food and Nutritiuon Board. Dietary Reference Intake for Calcium and Vitamin D. Washington, DC: National Akademy Pess, 2010.
  2. Holick MF. Resurrection of vitamin D deficiency and rickets. J Clin Invest 2006;116:2062-72.
  3. Holick MF, Garabedian M. Vitamin D: Photobiology, metabolism, mechanism of action, and clinical applications. In: Favus MJ, ed. Primer on the metabolic bone diseases and disorders of mineral metabolism. 6th Washington, DC: American Society for bone and Mineral Research. 2006: 129-37.
  4. У.Цэрэндолгор

Монголын бага насны хүүхдийн дунд тохиолдож буй рахит өвчний тархалт, сэргийлэлтийн асуудал 1999, /Анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан диссертац/

  1. У.Цэрэндолгор

Монгол хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйл, 2005 он. /Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан диссертац/

 

  1. У.Цэрэндолгор, Л.Лхагва, И.Болормаа нар ба бусад.

Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн норм /Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ/ Улаанбаатар хот, 2009 он.

 

  1. У.Цэрэндолгор, Э.Лувсандагва. Монгол хүүхдийн рахитын шалтгаан, эмгэг жам, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн асуудалд Улаанбаатар хот, 2011 он
  2. Garabedian, M., and Ben-Mekhbi. H, 1999. Rickets and Vitamin D deficiency. In: Vitamin D physiology, molecular bilology, and clinical applications. M.F.Holoick editor. Human press.New Jersey,USA. 273-286.
  3. Hollis, B.W., Wagner, C.L.2004. Assessment of dietary vitamin D requirements during pregnancy and lactation. Am. J. Clin. Nutr. 79:717-726.
  4. ЭМЯ, НҮБХС, НЭМХ. Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал. Үндэсний 3-р судалгааны тайлан. Улаанбаатар хот 2011 он
  5. ЭМЯ, ХХХҮЯ, НҮБХС, ДЗОУБ, ДЭМБ, НЭМХ. Монголын хүн амын хоол тэжээлийн байдал. Үндэсний 4-р судалгааны тайлан. Улаанбаатар хот 2011 он

 

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.