Нялх хүүхдийн дархлаа нь насанд хүрэгчдийнх шиг бүрэн тогтож амжаагүй байдаг. Тиймээс хүүхдээ хөхөөр хооллох, товлосон вакцинуудад хамруулах нь тэднийг хүнд эрсдэлт өвчнүүдээс хамгаалаад зогсохгүй амь нас эрсдэх аюулаас хамгаалахад тусалдаг байна.
Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг “гаалиар” нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна. Тэд мөн өмнөх довтолгоог ‘санаж’ байгаа тул дараагийн удаа түүнтэй илүү хялбар тэмцэх боломжтой болно.
Нялх хүүхдийн дархлааны систем
Нялх хүүхдийн дархлааг үүсгэгч эсрэг биетүүд нь эхийн хэвлийд байхаас бүрэлддэг. Жирэмсний сүүлийн 3 сард ихэсээр дамжин хүүхдэд очсоноор нялх хүүхдийн дархлааны систем бий болдог байна. Ингэснээр хүүхдийг төрөх үед дархлааны анхдагч тогтолцоо бий болж, өөрийгөө гадна орчноос хамгаалж эхэлдэг. Нялх хүүхдийн дархлааны систем нь тухайн ээжийн биеийн онцлог, нас, дархлааны тогтолцооноос хамаарч харилцан адилгүй байна.
Төрсний дараа дархлааны системийг бүрдүүлэгч эсрэг биетүүд нь хүүхдэд ангир уураг болон хөхний сүүгээр дамждаг. Гэвч нялх хүүхдийн дархлаа нь насанд хүрэгчдийнх шиг төлөвшөөгүй хэвээр байна. Дутуу төрсөн нярай хүүхдүүдийн дархлаа нь эхээс хангалттай олон эсрэг-бие авч чадаагүй тул халдвар авах эрсдэл өндөр байдаг. Хүүхэд вирус, бактерид өртөх бүрдээ эсрэг бие үүсгэдэг. Мэдээж нялх хүүхдийн дархлаа бүрэн төлөвшихөд цаг хугацаа шаардагдана.
Төрөх үед эхээс дамждаг идэвхгүй дархлаа нь удаан үргэлжлэхгүй бөгөөд төрсний дараах эхний хэдэн долоо хоног, саруудад буурч эхэлнэ.
Хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ?
Таны хүүхэд өвдөх бүрд ирээдүйд тэднийг хамгаалах шинэ эсрэг-биетүүдийг бий болдог гэж ойлгож болно. Ингээд нярайн дархлааг дэмжих аргуудыг танд хүргэе.
- Хөхөөр хооллох
Хөхний сүү нь хүүхдийн дархлааг дэмжих уураг, өөх тос, сахар, эсрэг-бие ба пробиотик зэрэг олон төрлийн элементүүдийг агуулсан байдаг. Ээж нь микроб буюу энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдтэй харьцахдаа халдварын эсрэг тэмцэхэд нь туслах дархлааг үүсгэдэг. Эдгээр нь эхийн сүүгээр дамжин хүүхдэд очдог байна. Ээж, нярай хүүхэд хоёр ихэвчлэн ижил төстэй нянгаар өвчилдөг тул нялх хүүхэд хамгаалагдсан гэсэн үг юм.
Эхийн сүүгээр хооллож буй хүүхдүүд халдвар бага тусч, нярайн сүүн тэжээлээр хооллож байгаа хүүхдээс илүү хурдан эдгэдэг. Гэсэн хэдий ч хөхөөр хооллох нь хүүхдээ полиомиелит, сахуу, улаан бурхан зэрэг ноцтой, амь насанд аюултай халдвараас хамгаалж чадахгүй. Тиймээс эдгээр өвчлөлөөс хамгаалах дархлааг бүрдүүлэхийн тулд товлолт вакцинжуулалтад зайлшгүй хамрагдах ёстой юм.
- Вакцинжуулалт
Хүүхдийг вакцинжуулах нь тэднийг ноцтой халдварт өвчлөлүүдээс хамгаалах хамгийн найдвартай бөгөөд үр дүнтэй арга юм. Энэхүү товлолт вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Вакцинжуулалт нь вирус эсвэл бактеритай адил дархлааны хариу урвалыг үүсгэдэг. Хэрэв таны хүүхэд ирээдүйд жинхэнэ өвчинтэй хавьтах юм бол дархлааны систем нь үр хөврөлийг таньж, өвчинтэй тэмцэх эсвэл ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг юм. Монгол улсын хувьд “Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу” дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүйгээр хийдэг билээ. Хүүхдийг төрснөөс эхлээд 24 цагийн дотор, 2 сар, 3 сар, 4 сар, 9 сар, 2 насанд Сүрьеэ, Халдварт саа, Гепатит В, Сахуу, Хөхүүл ханиад, Татран, Хемофилиус инфлюенза, Улаанбурхан, Гахайн хавдар, Улаанууд зэрэг 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакциныг зайлшгүй хийлгэх шаардлагатай байдаг.
Хоолны дэглэм ба нэмэлт тэжээл
Антибиотик уух нь хүүхдийн гэдэс дотрын зарим бактерийг устгадаг бөгөөд дархлаанд чухал ач холбогдолтой юм. Антибиотик хэрэглэсний дараа нярай хүүхдийн дархлааг нэмэгдүүлэх арга бол пробиотикийг санал болгодог. Жирэмсний хожуу үе болон хүүхэд төрсний дараа пробиотикийг хэрэглэхэд аюулгүй байдаг. Нялх хүүхдэд пробиотик өгөхөөс өмнө эмчийн зөвлөгөө аваарай.
Ихэнх тохиолдолд эхийн сүү, нярайн сүүн тэжээл нь таны хүүхдэд шаардлагатай бүх витамин, эрдэс бодисоор хангадаг. Нялх хүүхдэд нэмэлт витамины бэлдмэл хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол зайлшгүй эмчийн зөвлөмжийн дагуу хэрэглэх хэрэгтэй.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу нярай хүүхдийг төрсний дараа 1 цагийн дотор ангир уургийг амлуулж, 6 сар хүртэл нь эхийн сүүгээр хооллож, 6 сартайгаас эхлээд нэмэгдэл хоол өгөх тухай зөвлөмж байдаг. Бор хоолонд орж эхэлмэгц дархлааг эрүүл байлгахын тулд, олон төрлийн шинэ хоол хүнс, нухсан ногоо, жимс жимсгэнэ хангалттай байх ёстой. Бор хоолонд оруулж байхдаа нэмэлтээр хөхний сүүг нь 2 нас хүртэл өгч байхыг зөвлөдөг.
Эх сурвалж: https://www.pregnancybirthbaby.org.au/how-your-babys-immune-system-develops
http://www.tusgal.mn/tanii-khuukhed-zaawal-waktsin-khiilgekh-yostoi-yuu
https://www.nccd.gov.mn/index.php/zuvulguu/zuvulguu-epi/vaccine-zaaval-hiih
https://gogo.mn/r/nyoe9?fbclid=IwAR2f6eUDHdvm8y93Wz4AMs3Y0YZh0pG94tTR2chjDmNsRXIgMsqH_Rd11dw