Эм зүй, эм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд хамтран Дэлхийн Эм зүйчдийн өдрийн арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Олон Улсын Эм зүйн Холбоо  үүсгэн байгуулагдсан өдөр буюу 9 дүгээр сарын 25-ны өдөр             (FIP анх 1912 оны энэ өдөр үүсгэн байгуулагдсан байна)-ийг 2009 оноос хойш  жил бүр тодорхой  уриатайгаар “Дэлхийн Эм зүйчдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо Олон Улсын Эм зүйн Холбооны гишүүнээр 2014 онд элссэнээр Монгол улсад энэхүү өдрийг уламжлал болгон тэмдэглэх санаачлагыг гаргасан билээ.

Улмаар тус өдрийг Эрүүл мэндийн яам, Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо, МЭХБХолбоо, МЭЗБН “Эм” Холбоо хамтран зохион байгуулдаг уламжлал бий болоод байна. Энэ жил 3 дах удаагаа  тэмдэглэхдээ Эм зүйч мэргэжилтний үнэ цэнэ, туршлага, залгамж чанарыг сурталчилах зорилгоор ахмад, дунд, залуу үеийн эм зүйчдийн төлөөллийг урьж оролцуулав.

Энэ жил “Судалгаа шинжилгээнээс эхлэлтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ ба Эм зүйчийн оролцоо” сэдвийн дор дэлхийн өнцөг булан бүрт  тэмдэглэн өнгөрүүлсэн  энэхүү өдрийг Монгол Улсад тэмдэглэсэн онцлогоос дурьдвал:

  • Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-т зориулан мэргэжилтгүүдэд мэндчилгээ илгээсэн,
  • 1967 онд АУДС-ийн Эм зүйн ангийг төгссөн хоёр дахь төгсөлтийн ахмад эм зүйчдийн төлөөлөл уригдан ирж үнэтэй сургаалаа хайрласан,
  • Олон Улсын Эм зүйчдийн 77 дугаар чуулганд оролцсон төлөөлөгчид эм зүйн салбарын дэлхий нийтийн чиг хандлага, эмийн цаана буй асуудлууд ба эм зүйн хөгжлийн амин сүнс болсон чадамжтай мэргэжилтний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээний талаар шинэ мэдээллийг түгээсэн,
  • Мэргэжилтнүүд бусдадаа үлгэрлэх амлалтаа, ахмад эм зүйчид хойч үедээ өгөх захиасаа шуудангийн хайрцагт цуглуулсан зэрэг олон сайхан үйл явдлаар дүүрэн байлаа. (ЭМС-ын Мэндчилгээг бүрэн эхээр хавсаргав).

Эм зүйн мэргэжилтнүүд салбарын сайдын мэндчилгээ, ахмадын сургаал, олон улсын мэдээлэл авч, багш шавь нар уулзалдсан дурсамжтай нэг өдрийг өнгөрүүлсэндээ баяртай байлаа.

Уригдан ирсэн ахмад эм зүйчдэд МЭХБН “Эм” холбоо, МЭХБХолбоо хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулав.

Арга хэмжээнд оролцогсод

Эрүүл мэндийн сайдын мэндчилгээ:

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эм зүйч нар Та бүхэндээ “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдан жил бүр дэлхийн эм зүйчид чуулга уулзалтыг зохион байгуулдаг болсон.

2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Турк улсын Стамбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Эрүүл мэндийн яам төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг Монгол Улсад 3 дахь удаагаа тэмдэглэж байна.

Улс орны аюулгүй байдал, оршин тогтохын үндэс, хөгжил дэвшлийн суурь нь хүний эрүүл мэнд байдаг.Манай эм зүйч нар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргээ гүнээ ухамсарлан, өндөр мэргэжил эзэмшин, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, чанартай, аюулгүй, хүртээмжтэй эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилласаар ирсэн. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 38 эмийн үйлдвэр, 200 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 1800 орчим эмийн сан, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд болон бусад салбарт нийт 2075 эм зүйч ажиллаж байна.

Энэхүү өдрийг Эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар иргэд, үйлчлүүлэгчдэд сурталчлах зэргээр тэмдэглэж байна.

Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эм зүйч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг.

Эм зүйч Та бүхэн эрүүл мэндийн салбарын ажиллагсадаа манлайлан ажиллаж, шинэ ололт амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

МЭЗБН Эм Холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалан 1967 онд Эм зүйн ангийг төгсөгчдийн хамт МЭХБХолбооны гүйцэтгэх захирал, Ахмад эм зүйч Ж.Гарамжав

 

 

ОУ-ын Эм зүйчдийн 77 дугаар чуулганд оролцсон төлөөлөгчид (И.Цацрал, Вильберт Банненберг, З.Зузаан, М.Эрдэнэтуяа, Б.Таванжин, О.Ариунчимэг, П.Мөнхнасан)

 

 

ЭЗМТХолбооны тэргүүн З.Зузаан,

эм зүйч П.Мөнхнасан, О.Ариунчимэг нар ОУЭЗХолбооны гүйцэтгэх захирал Люк Бесансоны хамт

 

Эм зүйчдийн амлалтаас:

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд эмийг ялангуяа антибиотикийг жороор олгох,  эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд ЭМЯ- аас хамтран ажиллана.
  • Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх төлөвлөгөөний дагуу иргэдэд антибиотикийг жоргүй, дур мэдэн хэрэглэснээс гарах хор уршигийг олон нийтэд ойлгуулна.
  • Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод багтсан Эм зүйн тусламж үйлчилгээний талаарх 9 заалтыг хэрэгжүүлж ажиллана.
  • Шинэ хуулийг батлуулах, дагалдан гарах журмуудыг боловсруулахад оролцоно.
  • Вэбинараар дамжуулан Олон улсын туршлагаас эм зүйн салбартаа нэвтрүүлнэ.
  • Холбооны шугамаар эм зүйч, эм найруулагч нартаа кредиттэй сургалт явуулна.
  • Эрүүл мэндийн салбарын бүрэлдэхүүн болсон Эм зүйн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна.
  • Эм хангамжийн байгууллага, мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хичээнэ.
  • Эм хангамжийн салбарын 95 жилийн ойг бүтээлч байдлаар Монгол орон даяар тэмдэглэхэд хамт олноо идэвхжүүлнэ
  • Олон улсын бодлого чиглэлийг өөрийн улсдаа нэвтрүүлнэ, холбоодын үйл ажиллагааг сайжруулж ОУЭЗХ-ны бүтцийн дагуу салбар салбараар хамтран ажиллахад хувь нэмрээ оруулна
  • Эмийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхэд хувь нэмрээ оруулна
  • Эм зүйн мэргэжилтний чадамжийн стандартыг бий болгоход манлайлна
  • Төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулахад хичээж ажиллана.
  • Эмч нарын жор бичилтэд хамтран дүн шинжилгээ хийж иргэдэд өгөх зөвлөгөө, эмийн гаж нөлөө, харилцан нөлөөллийн талаар мэргэжилтнүүддээ сургалт хийж, материалаар хангана
  • Эм зүйчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөж явна
  • Эм зүйн тусламж үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэхэд эм зүйчийн нэр хүндийг өргөж ажиллана
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг боломжийн үнээр хүргэх талаар уян хатан бодлого барьж ажиллаж чадна.
  • Антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгоно
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролд дэмжлэг үзүүлж антибиотикийн хэрэглээний талаар цуврал брошур гаргана
  • Өрхийн эмч нартай хамтарч ажиллаж жор бичилтийг сайжруулна
  • Өвдөлт намдаах эмийн менежментийг сайжруулна
  • Залуу мэргэжилтнүүдэд мэргэжлээрээ бахархах урам зориг өгч халамжилна
  • Дур мэдэн онош тавихгүй, эмч нартай хамтарч ажиллаж зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оролцоно.

 

 

Ахмад эм зүйчдийн захиас
1. Г.Дашням –          Дотоодын эмийн үйлдвэрийг хөгжүүлэх, GMP шаардлага хангасан нөхцөлд үйлдвэрлэсэн эмээ экспортод гаргахыг уриалж байна
2. Б.Цэцгээ –          Эм зүйн албыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй

–          Залуу үеийг чиглүүлэх,  үйл ажиллагаагаа  идэвхтэй явуулах үйлсд амжилт хүсье

3. Д.Норовхүү –          Холбооны гишүүн болсон мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг системтэй явуулах, гадаадад сургалтанд хамруулж байгаарай.

–          Эмийн сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж үйл ажиллагааг нь дэмжиж, ТББ-ууд хүчээ нэгтгэж ажиллаарай.

4. Д.Даваа –          Эм зүйн мэргэжилтнүүд эв санаагаа нэгтгээрэй

–          Залуу эм зүйчдийн мэдлэг чадварын чанарыг дээшлүүлэхэд хүчээ дайчлаарай

–          Төрийн зүгээс эмийн зохицуулалт сайн байх хэрэгтэй байна, хэт олон хэрэгцээ шаардлагаас хэтэрсэн нэр төрлийн эм импортоор орж ирж байгаад анхаараарай.

–          Залуу мэргэжилтнүүдэд өөрийн ажлын туршлагаа зааж зөвлөхөд  бэлэн байна

5. Г.Бадмаа –          Залуу мэргэжилтнүүд харилцааны соёлтой байгаарай.

–          Эмийн үнэ, хэрэглэх зааврыг үйлчлүүлэгчиддээ тодорхой тайлбарлах чадвартай байх, иргэдэд хэрхэн үйлчилсэнээс бидний мэргэжлийн нэр хүнд тодорхойлогддогийг санаарай.

–          Компьютертэй биш, үйлчлүүлэгчтэйгээ эхлэж харьцаж сураарай.

–          Эмийн нэр төрөл, хүртээмжийг сайжруулж байгаарай.

6. Д.Оюун –          Хүүхэд болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд Эм зүйч бид түлхүү анхаарах хэрэгтэй

–          Эмийн бүртгэлд эм бүртгэхдээ тухайн улсын эм зүйн шинжлэх ухааны хөгжлийг харгалзан үзэж бүртгэж байвал сайн байна.

–          Эм зүйчийн ёс зүй, мэдлэгийг тогтмол дээшлүүлж байгаарай.

 

 

Мэдээлэл бэлтгэсэн: Эм зүйч З.Зузаан

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.