Цусан дах сахар хэвийн хэмжээнээс хэтэрснээс ам цангах,шингэн алдах хам шинжээр илэрдэг ,бодисын солилцооны архаг давшингуй явцтай өвчнийг чихрийн шижин гэнэ.
Хэн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?
- Жирэмсэн үедээ цусны глюкоз ихсэж байсан эсвэл 4кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан бол ЧШ-гээр өвчлөх магадлал нэмэгддэг.
- Нас. 35-с дээш насанд тохиолдох магадлалтай гэж үздэг.
- Илүүдэл жин, ялангуяа хэвлийгээр илүү таргалах
- Зохисгүй хооллолт. Амьтны гаралтай ханасан өөх тос, нүүрс усаар баялаг, илчлэг ихтэй хоол хүнс хэт хэрэглэх нь илүүдэл жин үүсгэдэг.
- Хөдөлгөөний хомсдол
- Чихрийн шижингийн урьдал байдалтай буюу цусны глюкозын шинжилгээнд өмнө нь өөрчлөлттэй гарч байсан хүмүүс
- Цусны даралт ихсэх өвчин
- Тамхи таталт
- Архи хэтрүүлэн хэрэглэх
Чихрийн шижингийн үед илрэх шинж тэмдгүүд:
- Их шээх – хоногт олон удаа шээх
- Байнга ам цангах – ам их цангаж, үргэлж уух юм хайх
- Ядарч сульдах – амархан ядрах
- Турах, жингээ алдах
- Хоол идсэн ч өлсөх мэдрэмж төрөх
- Арьс мэдэгдэхүйц хуурайших, загатнах
- Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх
- Идээт халдварт өртөмхий эмзэг болох
- Нүдний хараа муудах
Чихрийн шижингийн үед гарах хүндрэлүүд
1.Цусанд глюкоз хэт багасах (гипогликеми)
Инсулин болон глюкоз бууруулах эм хэрэглэж буй хүмүүст цусны глюкозын хэмжээ 3ммоль/л (50мг/дл)-с багасахыг гипогликеми гэдэг.
Гипогликеми нь дараах тохиолдолд үүсч болно. Үүнд:
- Инсулин эмчилгээний дараа хангалттай хэмжээний хоол, хүнс хэрэглэхгүй байх
- Хооллох цагийг оройтуулах
- Биеийн хүчний хэт их ачаалалын дараа
- Глюкоз бууруулах эмийн тун хэтрэх
- Инсулиний өндөр тун
- Архи хэрэглэх
Цусанд глюкоз хэт багасах үеийн шинж тэмдгүүд:
Цусны глюкозын хэмжээ хэт багасах үеийн шинж тэмдгүүд нь хүмүүст янз бүрээр илэрч болох ба арга хэмжээ авахгүй буюу хэт оройтвол гипогликеми нь өвчтөн ухаан алдаж амь насанд аюултай байдалд хүргэж болно.
Илрэх шинж тэмдэг:
- Хөлрөх
- Өлсөх мэдрэмж төрөх
- Зүрх дэлсэх
- Бие сулрах
- Толгой эргэх
- Гар хөл салганах
- Царай цонхийх
- Толгой өвдөх
- Уруул ам бадайрч чимчигнэх
Авах арга хэмжээ:
- Гипогликемийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд жүрж, алим, усан үзэм зэрэг жимсний шүүс уух буюу 3-4 ширхэг ѐотон иднэ.
- Хийж буй аливаа биеийн хүчний ачааллыг зогсоох ба, машин барьж буй үед мөн зогсоох хэрэгтэй. Яаралтай цусны глюкозын түвшинг тодорхойлох хэрэгтэй.
- Шинж тэмдэг арилсны дараа хоол идэх
- Цусны глюкозын хэмжээг дахин шалгана.
- Ийм байдалд хүрсэн байж болох шалтгааныг олж, дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөх шаардлагатай.
Сэргийлэх аргууд
- Хоолны дэглэм баримтлах: тогтмол цагт хооллох, бага хэмжээгээр ойрхон буюу хоногт 5-6 удаа хооллох хоолны дэглэмийг чанд баримтлах ба хооллох цагийг алгасахгүй байх
- Дасгал хөдөлгөөнийг тохируулах
- Эмчийн зөвлөсөн эмчилгээг дагаж мөрдөх
- Цусны глюкозын түвшингтогтмол нэг хэмжээнд барих
- Үргэлж ямар нэг төрлийн глюкоз авч явах
- Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд гипогликемийн шинж тэмдгүүдийн талаар, хэрхэн таньж мэдэхийг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд шаардлагатай үед хэрэгцээт арга хэмжээг авах боломжтой болно
2.Цусанд глюкоз хэт ихсэх (гипергликеми)
Цусны глюкозын хэмжээ хэт ихсэх үед ам цангах, их шээх, ядарч сульдах зовиурууд улам тод илэрнэ. Удаан үргэлжилсэн тохиолдолд зүрхний шигдээс болох, ухаан алдаж ком (оворго)-д орох, улмаар үхэлд ч хүргэх аюултай.
Дараах шалтгаануудын улмаас үүсч болно.
- Инсулин тарианы тун багадах
- Инсулин эмчилгээг таслах
- Хоолны дэглэм алдах
- Ямар нэг өвчинд өртөх
Илрэх шинж тэмдэгүүд:
- Ядрах
- Ам цангах, хэл хуурайших
- Хоолны дуршил буурах
- Нүд бүрэлзэх
- Бухимдах
- Олон удаа шээх
- Шээсний ялгаралт багасах
- Аманд чихэр амтагдах
- Нойрмоглож ухаан алдах
Авах арга хэмжээ:
- Цусны глюкозыг ойр ойрхон тодорхойлж, эмчид хандан глюкозын хэвийн хэмжээг хэрхэн хадгалах талаар ярилцаарай
- Цусны глюкозын хэмжээ өндөр байгаа үед комоос сэргийлж их хэмжээний чихэргүй шингэн (ус, цай) уугаарай.
Хэрхэн сэргийлэх вэ?
- Хоол, хөдөлгөөний дэглэм баримтлах
- Цусны глюкозын түвшинг тогтмол нэг хэмжээнд барих
- Эмээ (инсулин / глюкоз бууруулах эм) өдөр бүр хэрэглэх
Хэрэв цусны глюкоз өндөр хэвээр байвал эмчид үзүүлэх
Архаг хүндрэлүүд
- Бөөр,бөөрний архаг дутагдалт орох
- Нүд сохрох,хөлний хүндрэлүүд
- Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах
- Зүрхний шигдээс
Чихрийн шижинтэй өвчтөний өөрийн хяналт
Чихрийн шижинг сайн хянахын тулд та дараах зүйлүүдийг өөрөө хийж чаддаг байх шаардлагатай .Үүнд:
- Цусны глюкозын хэмжээг тогтмол хянах
- Өдөр бүр хөлөө шалгах
- Долоо хоногт 5 удаа дасгал,хөдөлгөөн хийх
- Хоолны нарийн дэглэм дагаж мөрдөхийг хичээх
- Өдөр бүр шүдээ сойздож угаан утсаар цэвэрлэх
- Тамхи татахгүй байх
- Архи болон согтууруулах ундааг хязгаарлах
- Эмийг зааврын дагуу хэрэглэх
- Цусны даралтаа үргэлж хянах
- Эмчийн хяналтанд тогтмол байх
Notice: Trying to access array offset on value of type bool in /home1/monfatra/public_html/wp-content/themes/flatsome/inc/shortcodes/share_follow.php on line 23