Нүдэнд тохиолдох түгээмэл асуудлууд: Нүднээс нулимс ялгарах

Нулимс нь бидний сэтгэл хүчтэй хөдлөх тохиолдолд гардаг бөгөөд зарим тохиолдолд сонгинын аагаас ч болох нь бий. Гэтэл ямар ч шалтгаангүй үед нүдэнд чинь нулимс бүрхээд байвал ямар учиртай вэ? Нүднээс нулимс ялгарахад хүргэдэг дараах түгээмэл шалтгаануудтай танилцана уу.

  1. Нүд хуурайших хам шинж

Нүд хуурайших хам шинжээс болж, нулимс гоожиж эхэлдэг гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч гэсэн энэ үнэн. Нүд хуурайших үед нүд загатнаж, аргаж маш таагүй мэдрэмж үүсдэг. Үүнээс болж, нулимсны булчирхай огцом ачаалалтай ажиллаж, ердийн үед нулимс шингээх системийн ачааллаас хэтэрсэн их нулимс ялгаруулдаг. Энэхүү нүдний хуурайшилт нь төрөл бүрийн өвчин,  хөгшрөл, хүрээлэн буй орчин, зэргээс болдог. Харин нүдний хуурайшилтын хамгийн түгээмэл шалтгаан нь нулимсны усан давхаргын хэмжээ хангалтгүй болох юм. Энэ нөхцөлийг кератоконжанктивитис сикка /ККС/ буюу энгийнээр нүд хуурайших эмгэг гэж нэрлэдэг. Хөнгөн шатанд байгаа нүд хуурайших хам шинж илэрч буй бол нүдний эмчид хандан өөрт тохирсон хиймэл нулимсыг сонгон хэрэглээрэй.

  1. Нүдний харшил

Харшлаас болж, нүд загатнах, улайх, нулимс ихээр гоожиж, шатаж байх шиг мэдрэмж төрдөг. Харшил өгөх хамгийн түгээмэл шалтгаан нь ургамал, өвс, мод, тэжээвэр амьтдын үс, тоос, хөвд зэрэг байдаг. Хөдөлгүүрийн утаа, шүршдэг цацлага, сүрчиг, тамхины утаанаас мөн нүд загатнаж, ус гүйдэг ч гэсэн яг харшил гэж нэрлэхгүй. Хэрвээ харшлаас болж таны нүднээс нулимс гоожиж байна гэж үзвэл харшлын эмчтэйгээ хандаж, эмчилгээ хийлгэх илүү үр дүнтэй.

  1. Цочруулдаг зүйлс

Монгол шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд хуурай агаар, салхи, утаа, тоос, болон нүдний хэт ачааллаас болж нулимс гоожих нь элбэг. Охид бүсгүйчүүдийн хувьд сормуус суулгуулах, нүдний будаг бүтээгдэхүүнээс харшсанаас мөн хамаардаг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг тодорхой заасан хугацаанд хэрэглэх мөн харшиж буй тохиолдолд хэрэглэхгүй байх нь зүйтэй.

  1. Халдвар

Нүд халдвар авбал бие махбодь илүүдэл нулимс үйлдвэрлэж, хариу үйлдэл өгдөг. Энэ бол гаднын биетийг угааж, арилгах гэсэн оролдлого юм. Нүдний салстын үрэвсэл болон зовхины ирмэг орчмын үрэвсэл нь нүдний халдварт өвчин юм. Нүдний халдварын шалтгаан ихэвчлэн бактери, мөөгөнцөр, вирусээс болох ба нүд өвдөх, нүд бүрэлзэх, улайх, нүдэнд элс орсон мэт өвдөх, нүднээс тунадас ялгарах зэрэг өвчнийг үүсгэнэ.

Таны нүднээс нулимс гоожиж, бүрэлзэж байх нь санаа зовох зүйл биш. Нүд угаасаа нулимс үйлдвэрлэх жамтай. Харин удаан хугацаанд нүднээс нулимс гоожиж, өвчтэй, нүдэнд илрэх шинж тэмдэг нь их байвал та яаралтай эмчид үзүүлээрэй.

Бидний бэлдсэн нүдний эрүүл мэндтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг уншсан танд баярлалаа.

Эх сурвалж: https://www.vspdirect.com/vision-hub/common-eye-problems-watery-eyes?fbclid=IwAR0KWuRrZGpuF1lRKrEgRMjNyl8bSE4Jgk208PS6N5y32VFVFNik7NIPlgs

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.