Нүдний хуурайшилттай үед ямар төрлийн хиймэл нулимс сонгон хэрэглэх вэ?

Би нүдний хуурайшилттай хиймэл нулимс сонгон хэрэглэхдээ юуг анхаарах вэ? гэж олон хүмүүс лавлан асуудаг. Ингээд нүдний хуурайшилтын үед ямар төрлийн хиймэл нулимс сонгон хэрэглэх тухай бидний бэлдсэн зөвлөмжтэй танилцана уу.

Хиймэл нулимс гэдэг нь хуурайшсан нүдний гадаргууг чийглэг байлгах хүний нулимсны бүтэцтэй ижил найрлага бүхий нүдний дусаалга юм. Энэ дусаалгыг насжилт, дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдсэн нүдний хуурайшилт, нүдний лазер хагалгааны дараа, утаа, салхи зэрэг цаг уурын эрс тэс байдлаас үүдэн нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг зовуурын үед хэрэглэж болно.

Хиймэл нулимс нь жоргүй олгодог бүтээгдэхүүн. Бүх төрлийн нүдэнд яг тохирох хиймэл нулимс гэж байдаггүй. Тиймээс та өөрт илэрч буй шинж тэмдэгт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь илүү чухал.

Зарим хиймэл нулимс нь таны нүдний чийглэг байдлыг нэмэгдүүлж, нүдний хуурайшилтын шинж тэмдгийг бууруулдаг бол зарим нь нулимс ялгаралтыг бууруулахад нөлөөлдөг.

Иймд хиймэл нулимсыг дараах байдлаар 2 ангилна.

  1. Нөөшлөгч буюу хадгалагч бодис агуулсан: Энэ төрөл нь ихэвчлэн mulitdose буюу олон тунгаас бүрдсэн 5мл болон түүнээс дээш савлагаатай нүдний дусаалгуудыг хэлнэ. Учир нь дусаалгыг задалсны дараа нян үржихээс сэргийлэх хамгаалалтын бодистой байдаг. Хэрвээ таны нүдний хуурайшилт нэлээн хүндэрсэн бол хадгалагч бодис нь нүдний загатнаа үүсгэх, нулимс ялгаралтыг удаашруулахад хүргэх эрсдэлтэй.
  2. Нөөшлөгч буюу хадгалагч бодис агуулаагүй: Энэ төрөлд нэмэлт бодис цөөн агуулагддаг бөгөөд хэрвээ таны нүдний хуурайшилт хүндэрсэн, өдөрт 4-өөс олон удаа дусаадаг бол нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимсыг сонгон хэрэглээрэй. Энэ төрлийн дусаалгууд нь ихэвчлэн нэг удаагийн савлагаатай, ариун чанартай, нөөшлөгч бодис ороогүй байдгаараа онцлогтой. Магадгүй та нүдний хуурайшилттай, мөн нүдний лазер хагалгаанд орсон, байнгийн контакт линзний хэрэглээтэй бол нөөшлөгч бодис агуулаагүй дусаалга нь илүү аюулгүй үр дүнтэй байдаг.

Та хиймэл нулимс хэрэглээд төдийлөн үр дүнд хүрэхгүй бол дараагийн алхам нь тосон түрхлэг юм.  Үүнийг хэрэглэснээр хэсэг хугацаанд нүд юм харахгүй, юмс бүдгэрэх учраас голцуу яг унтахын өмнө хэрэглэх нь зүйтэй.

Монгол улсын эмийн бүртгэлд албан ёсоор нөөшлөгч бодис агуулаагүй хиймэл нулимс гэж бүртгэгдсэн антикоксидант чанартай, эвэрлэгийг нөхөн төлжүүлэх үйлдэлтэй, нэг удаагийн савлагаатай, матафреш хиймэл нулимсыг санал болгож байна.

Нүд аргах, улайх, торох, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдгийн үед хиймэл нулимс хэрэглээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байвал нүдний эмчид хандаж үзүүлэхийг зөвлөж байна.

Бидний бэлдсэн нийтлэлийг уншсан танд баярлалаа.

Эх сурвэлж: https://www.mayoclinic.org/diseases-conditions/dry-eyes/expert-answers/artificial-tears/faq-20058422

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаяг бусдад харагдахгүй болно. Заавал бөглөх талбарууд * тэмдэглэгээтэй болно.